“Монголын Санхүүгийн Групп” Банк бус санхүүгийн байгууллага нь нийгмийн хариуцлагаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлдэг анхдагч байгууллагуудын нэг бөгөөд тус байгууллагаас энэ жил хэрэгжүүлж байгаа болон ойрын ирээдүйд төлөвлөж байгаа ажил үйлчилгээнийх нь талаар сонирхон тус байгууллагын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяртай ярилцлаа.

- Юун түрүүнд байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

Манай байгууллагын хувьд арилжааны банкны шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй, амьжиргааны түвшин дунд болон дундаас доогуур иргэдэд хүрч үйлчилдэг. Бид 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн бүрт зориулагдсан 21 төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй. Банкууд зээл гаргах хугацааны хувьд удаан байдаг бол банк бус санхүүгийн байгууллага хүү нь бага, хэмжээгээр өндөр ч шуурхай, хурдтайгаар ажилладаг.

- Байгууллагынхаа ерөнхий үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн ажлаасаа сонирхуулаач.

Манай байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг. Энэ үүднээс Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос хоёр жил дараалан “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани”-иар шагнагдаад байна. 2018 онд бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь 2018-2019 оны хичээлийн жилд Налайх дүүргийн сургуульд шинээр элсэн орж байгаа 1200 сурагчдад Сайн номуун хийдтэй хамтран хичээлийн хэрэгслийг гардууллаа

- Хичээлийн хэрэгсэлд нэлээд мөнгө зарцуулагддаг. Тэгэхээр Налайх дүүргийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан нь айл өрхүүдийн хувьд багагүй нэмэр болсон байх. Гэхдээ 1200 сурагчийг ямар байдлаар сонгосон бэ?

Налайх дүүргийн засаг захиргаанаас гаргаж өгсөн тоогоор энэ онд нийт 1200 хүүхэд Налайх дүүргийн сургуулиудад элсэн орж байгаа юм билээ. Тэгэхээр нэгдүгээр ангид орж байгаа бүх зургаан настнуудыг хамруулсан гэсэн үг.

- Санхүүгийн олон байгууллага бий. Тэдгээрээс “Монголын санхүүгийн групп” чухам ямар онцлог давуу талтай вэ?

Бусад санхүүгийн байгууллагаас ялгаатай нь бид анх бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Инкубатор” төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан барьцаа хөрөнгөгүйгээр “Дэвшил” зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан. Энэ бүтээгдэхүүнээрээ бид шагнал ч авч байлаа. Мөн “Эко орчинд эрүүл амьдаръя” уриан дор цэвэрлэгээ болон бусад хандивын үйл ажиллагаа гэх мэт байнга нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг. Одоо бусад банк бус байгууллагууд бас ийм үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлж л байна.

- Зарим нэг бүрхэг ойлголт иргэдийн дунд байсаар байна. Банк бус санхүүгийн байгууллага гэхээр хуучны Хадгаламж зээлийн хоршоо гэдэгтэй адилтган бодоод байдаг. Тэр ч утгаараа иргэд банк бус байгууллагад нэлээд эргэлзээтэй хандах байдал ажиглагддаг л даа. Ер нь иргэдийн хандлага ямар байна?

Яг уналтад ордог салбар бол Хадгаламж зээлийн хоршоо юм. Банк бус санхүүгийн байгууллага гэдэг нь зөвхөн өөрийн хөрөнгөөр бусдад зээл олгодог. Хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь таны мөнгийг бид төчнөөн хувийн хүүтэй хадгалъя гээд тэр мөнгийг нь зээлээр гаргадаг. Тэгээд тухайн үед маш олон хүний мөнгийг хадгаламжаар аваад унасан шүү дээ. Одоо 560 банк бус байгууллага байна. 80 хувь нь зээлийн үйлчилгээтэй байгаа.

- Уншигчид та бүхний одоо хийж бүтээж байгаа болон цаашид санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, үйлчилгээг бас сонирхож байгаа болов уу?

Одоо бид “Толбогүй ирээдүй” Төрийн бус байгууллагатай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Толбогүй ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд энэ сарын 8-ны өдөр нээлтээ хийх “Толбо” уран сайхны киног бүтээсэн байгаа.

Ерөнхий ивээн тэтгэгчээр манай байгууллага оролцсон юм. Цаашлаад гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн оройн ээлжийн ангиудын хүүхдүүд явдаг харанхуй гудамжуудыг камержуулах ажил судалгааны шатандаа явж байна. Ерөнхийдөө төслийн ажил эхлэхэд бэлэн болж байгаа.

- Толбогүй ирээдүйн төлөө хэрэгжүүлэх төслийн зорилгыг илүү тодорхой тайлбарлавал?

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хайр халамжаар яаж эргэж хэвийн байдалд оруулах вэ гэдэг дээр ажиллана. Эцэг эхчүүд юун дээр алдаж байна, юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр нэлээд тулж ажиллана. Толбо киноны хувьд ч энэ асуудлыг хөндсөн байгаа. Бидний гол зорилго бол хүүхдүүд цаашид дахиж хүчирхийлэлд бүү өртөөсэй, тэднийг хамгаалахад л оршиж байгаа юм.

- Камержуулах ажлыг хаанаас эхлүүлэх вэ? Судалгааг аль нутаг дэвсгэрт хийж байгаа юм бол?

Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн сургуулиудаас судалгаа авч байгаа. Яг хаана камер шаардлагатай байна гэдгийг тодорхойлсны үндсэн дээр байршуулна.

- Төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Энэ хугацаанд хэдэн үе шаттай ямар ажил хэрэгжүүлэх талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

Төслийн нийт хугацаа 3 жил. Эхний ээлжинд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллана. Мөн үүний зэрэгцээ бид хандив цуглуулж байгаад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулан дараагийн хөтөлбөрүүдээ боловсруулж ажиллах юм.